The HU хамтлаг алдарт One Piece анимийн Live Action-ийн хоёрдугаар улирлын дууг дуулжээ

Эмми шагналт хөгжмийн зохиолч, дуу зохиогч, продюсерууд болох Sonya Belousova болон Giona Ostinelli нар Netflix-ийн хит цуврал One Piece–ийн хоёрдугаар бүлгийн саундтрэкийн анхны бүтээл болох “Pray To The Sun” дууг танилцууллаа. Тэд лайв-экшн хувилбарын эхний бүлгийн хөгжмийг бүтээсэн бөгөөд ийнхүү хүсэн хүлээсэн хоёрдугаар бүлгийн хөгжмийг дахин хариуцан ажиллаж байна.

Belousova болон Ostinelli нар The HU-г төсөлдөө урьсан тухайгаа ийнхүү ярьжээ:

“Бид The HU хамтлагийг олон жилийн турш биширч, хамтран ажиллах зөв төслийг хүлээж байсан. Тэдний эртний Монгол уламжлалыг орчин үеийн метал урсгалтай хослуулсан өвөрмөц хэв маяг нь Элбафын (Elbaf) Викинг аваргууд хэмээх шүтэн бишрэгчдийн дуртай дүрүүдэд төгс зохицсон. ‘Pray To The Sun’ дуу нь тэдний өвөрмөц хоолой, хөгжмийн өнгө аясаар дамжин дүрүүдийн мөн чанарыг тодорхойлж, хүчирхэг атлаа орчин үеийн мэдрэмжийг бий болгож чадсан.”

One Piece цувралын хоёрдугаар бүлэг гуравдугаар сарын 10-нд кино театрууд болон Netflix платформоор нээлтээ хийх бөгөөд энэхүү томоохон хамтын ажиллагааг фэнүүд анх удаа сонсох боломжтой болох юм.