Таны хүүхэд таны хүссэн биш хүмүүжүүлсэн хүн чинь болдог

Гэр бүл бол хүүхдийн анхны сургууль юм

Хүүхдийн боловсрол гэр бүлээс эхэлдэг. Хүүхдүүд гэртээ анхны багш болсон эцэг эхээсээ хүндэтгэл, дуулгавартай байдал, эмээн бишрэх болон өөрийгөө захирах гээд насан туршид нь хэрэг болох хичээлүүдэд суралцдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийг хүүхэд ахуй цагт нь өмсөж зүүлгэх, идэж уулгах үндсэн хэрэгцээг нь хангаж, биелүүлж, дараа нь түүний тулгыг нь засаж, гэр бүл болгон, ажил амьдралтай болгох төдийхнөөр ойлгодог. Харин ч гэрийн боловсрол анхандаа олон талаараа үл мэдэгдэм, алгуурхан мэт санагдавч хэрэв зөв чиглүүлбэл аажмаар үнэн хийгээд зөвт байдлыг тогтоох агуу хүч болж олгогддог. 

Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ бие махбодын, оюун санааны болон сүнслэг боловсрол олгож, тэнцвэртэй, өв тэгш зан чанарыг суулгах нь бидний хамгийн чухал үүрэг гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Үр хүүхдээ зөв хүн болгон өсгөх гэрийн боловсрол гэнэт бий болоогүй бөгөөд, харин тэвчээр гарган, зөв хайрлаж, тууштай байж, чин сэтгэлийн бодол хийгээд цаг зав зориулалтаар гүйцэтгэх ёстой ажил маань билээ. Бага балчир хүүхдүүдийн хөлд урхи болох зүйлс даян дэлхийгээр дүүрэн байна. Хувиа хичээж жаргал хөөсөн амьдрал хүүхдүүдэд аз жаргал өөд хөтлөх зам мэт санагдах боловч, тэдгээрийн төгсгөл ямар муу үр дагавартай байдгийг ялгаж, салгаж чадахгүй. Эцэг эхчүүдээ үр хүүхдүүд тань нэг л өдөр эдгээр сорилуудтай нүүр тулгарна гэдгийг сайтар санаж, тэднийхээ гэрийн боловсролд бат суурь тавьж, хүчтэй, ганхашгүй баганыг босгох ажлаа хүүхдийнхээ төрсөн цагаас эхлээрэй.

Ууган хүүхдийн хүмүүжил хамгийн чухал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй, түүний жишгээр дүү нар нь хүмүүжих болно. Учир нь хүүхдүүд хамт байгаа хүмүүсийнхээ нөлөөн дор өсөж өндийдөг болох халуун дулаан уур амьсгалыг орон гэртээ бий болгоход хүүхдэд сайхан сэтгэгдэл төрж, гэрийн болон сургуулийн ажилд тань эерэг үр дүн гарна. Эцэг хүн туйлын чухал, онцгой үүргийг хүлээдэг ч гэлээ эх хүн хүүхдүүдтэйгээ үргэлж, ялангуяа бага балчир насанд нь байнга хамт байдаг тул эх хүн ямагт тэдний онцгой багш бөгөөд дотнын зөвлөгч нь байдаг. 

Хүүхдийн оюун ухаан гэдэг бол цэвэрхэн цагаан цаас билээ. Тэр цаасан дээр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын эхлэлийг тавьдаг хүмүүс бол эцэг эхчүүд өөрсдөө юм. Та хүүхдийнхээ ирээдүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Мэдээж сайн сайхан амьдрал ажилсаг, цэвэрч нямбай, ном уншдаг, ухаантай, олон найз нөхөдтэй. Тэгвэл тэдний нүдний өмнө яг л энэ үлгэр жишээг та харуулаарай. Бага балчир насандаа төлөвшүүлсэн буруу зуршил насан туршид нь дагалддаг учир хүүхдийг болгоомжтой, ухаалгаар сургах ёстой. Гэрийн боловсрол нь таны хүүхдийн зан чанар хүмүүжлийн гол суурь юм.