Хүүхдэдээ багаас нь хэвшүүлэх бяцхан дадал
Найрсаг байх: “Сайн байна уу?”, “Баярлалаа”, “Сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал, хүүхэд тань танихгүй орчинд ч хүмүүстэй харилцааг төвөггүйхэн тогтоож чаддаг болно.
Зөв хэвшилд сурга: Гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, усанд тогтмол ордог, ариун цэвэр сахидаг болго.
Хоол хийх: Хоол хийлгээд сургавал тэр бүр бусдын гар хараад байхгүй болно. Таныг хоол хийх үед хүүхэд тань хажууд чинь ирчхээд бяцхан “төвөг” уддаг шүү дээ. Энэ үед хориглож болиулах хэрэггүй. Харин дэмжиж тусалж байгаарай.
Ярьж сургах: Айдсаа ялан дийлж бусдын өмнө үг хэлж ярьж сурвал том амжилтын эхлэл болно.
Хүнтэй танилцах: Хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол байр сууриа зөв илэрхийлж, зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог.
Бусадтай хуваалцаж сурга: Өгөөмөр зан чанар одоо үед их дутагдаж байгаа. “Өгөөмрийг таривал, өгөөмөрийг хураадаг” найз, нөхөд танилуудад өгөөмөр хандаж сурах нь чухал.
Аюулгүй байдлаа хамгаал: ногоон гэрлээр зам хөндлөн гарах, зам дээр тоглохгүй байх зэргийг хүүхдэдээ ухамсарлуулах нь бас чухал.
Ойр дотнын хүмүүсээ халамжлах: Багадаа өвөө, эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг.
Уучлал гуйх: Аливаа хүн буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах. Үүний тулд мөн л эцэг эх та өөрөөсөө эхэлж тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм.
Бусдыг сонсож сургах: Бусдын зовлон жаргалыг ойлгож хуваалцдаг болгож сургах нь их чухал. Үүний тулд өөрөө хүүхдийн яриаг таслахгүй анхааралтай сонсох энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Сонсож сурах нь хүүхэд сургуульд орох тэр цагаас эхлэн түүний сурах арга барил ч гэсэн эерэг нөлөөтэй
“Үгүй” гэж хэлдэг болго: Ингэж хэлэхдээ өөрийн байр суурийг бусдад ойлгогдохуйц зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд “Үгүй гэж хэлэх нь ашиг сонирхлоо хамгаалах хамгийн зөв хариулт болдог.
Цаг барих: Цаг барьж сургах нь маш чухал. Үүнийг энгийн зүйлээс эхэлж болно. Өглөө тогтсон цагт босгох, ээж аав нь өөрсдөө цаг баримталдаг байж үлгэр дуурайлал үзүүлэх. Товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.
Эхэлсэн ажлаа дуустал хийдэг болох: Энэ хүмүүжлээс олж авдаг шаргуу дайчин зан чанар амжилтад хүрэх тулгуур нь болно.
Мөнгөтэй харьцаж сургах: Мөнгөний үнэ цэнийг ойлгуулж ариглах гамнах, зөв зохистой зарцуулахад сурга.
Сайн сайханд итгэх: Өөдрөг үзэл ирээдүйн амьдралд нь их чухал. Амьдралын сайн сайхан баяр баясгаланд сургаж, хүсэл тэмүүлэлтэй өөдрөг мөрөөдөлтэй болгож өсгөөрэй.
#Бид хүүхдүүдээ амьдралд бэлддэг

