Охин хүүхдийг хүмүүжүүлэхдээ эцэг эхчүүд бид юуг анхаарах вэ?
1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.
2. Маш тодорхой, бодитой магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай
3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.
4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.
5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.
Нэмэлт зөвлөгөө: “Охин шиг сул дорой, охин шиг аймхай...” гэх мэтийн үгс огтхонч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий.

